/ / #ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

#ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Сайн байна уу?
ЭНХРИЙ ХӨӨРХӨН ОХИНЫ ААВ БОЛОН ЭЭЖ ТАНЬД ЭНЭ ЗАХИДАЛ ХҮРЭХ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.
Та бидний ирээдүй, амьдралын минь баяр баясгалан болсон охидуудаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, гэр бүлдээ ээлтэй, аюулгүй орчинг бүрдүүлж, эерэг аргаар хүмүүжүүлж, төлөвшүүлэх нь ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ эцэг эх та бидний хүлээж байгаа томоос том хариуцлагатай үүрэг билээ.
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль шинэчлэн батлагдаад даруй 4 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүүхдийн эрх ихээр зөрчигдөж, гэмт хэргийн гэрч, хохирогч болсоор байна. Тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа охидын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа харамсалтай тоо баримт бүртгэгдсээр байна.
Баянхонгор аймагт өнгөрөгч 2019 онд гэмт хэргийн улмаас 75 хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсны 50 хүүхэд буюу 66.6% нь Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөж хохирсноос 38 хүүхэд нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, 12 нь хүчиндэх гэмт хэрэгт өртөж хохирсон ба эдгээр гэмт хэргийн 90% нь ураг төрлийн буюу хамаатан садан, ах дүү, ойр дотны хүний хүчирхийлэлд өртсөн тоон үзүүлэлт цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан.
Мөн 2020 оны эхний 3 сарын байдлаар 24 хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсоноос 17 буюу 70.8% нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт үүнээс 6 нь хүчиндэх, 11 нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт хохирч энэ төрлийн гэмт буурахгүй, таслан зогсоогдохгүй байна.
Энэхүү гэмт хэргийн хохирогч болж байгаа гол шалтгаан нь эцэг эх та бидний хараа хяналтгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй, итгэмтгий байдлаас шалтгаалж байгааг хэлмээр байна. Иймээс та:
 Үр хүүхэддээ анхаарал тавьж, хараа хяналтаа сайжруулах, аль болох өөрийнхөө дэргэд байлгах,
 Итгэлтэй биш бол танил ойрын болон холын хамаатны хүнтэй охиноо хамт үлдээхгүй байх, айлд болон өрх толгойлон суралцуулахгүй байх,
 Малд ганцааранг нь явуулахгүй, гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх,
 Бэлгийн боловсрол, бэлгийн эрүүл мэндийн боловсролд суралцуулах,
 Охинтойгоо нээлттэй ярилцаж, тэдэнд тохиолдож буй зүйлсийг сонсдог байх,
 Тэднийг сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэх болон өөрт тохиолдсон таагүй зүйлээ бусадтай хуваалцах чадварт сургах
 Өөрийнх нь зөвшөөрөлгүй хэн ч биед нь хүрэх ёсгүйг ойлгуулах,
ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ ШИГ ОХИНОО АМЬДРАЛД ХӨЛӨӨ ОЛОХОД НЬ ЭЭЖ, ААВ ТА Л ТУСАЛНА.
Ээж, аав та хүчирхийллийн улмаас хохирсон болон хохирч болзошгүй хэн нэгний талаарх мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдээрэй.
Таны хийсэн зөв үйлдэл хэн нэгэн охины амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлыг хамгаалж, насан туршийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.
Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амар тайван, сайн сайхан бүхнийг хүсье.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна