/ Бидний тухай / Түүхэн замнал / ТҮҮХЭН ЗАМНАЛ

ТҮҮХЭН ЗАМНАЛ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТҮҮХИЙН Т А Н И Л Ц У У Л Г А

  БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Баянхонгор аймаг байгуулагдах болж Архангай, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай аймгуудын захын сумдуудыг нэгтгэн бүрдүүлж, 1942 оны 02 дугаар сард одоогийн Бөмбөгөр сумын төвд байгаа “Худаг сүүж” гэдэг газар ДЯЯ-ны сайдын 1942 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 дүгээр тушаалаар ДЯЯ-ны харъяа Бөмбөгөр аймаг дахь Цагдан сэргийлэх анги байгуулагджээ.

  Энэ тушаалаар тус ангийн даргаар  Дамдинжавын Батсэнгээ томилогдож, түүний мэдэлд жинхэнэ, туслах төлөөлөгч, сэргийлэн хамгаалах байцаагч, цагдаа гуравтайгаар бүгд 7 орон тоотой, зохион байгуулагдсанаар тус цагдаагийн хэлтсийн түүхэн замнал эхэлсэн гэж үзэж байна.

  Цагдаагийн хэлтсийн түүхэн замналын талаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын нэгжээс лавлагаа тодруулгыг авахад:

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 81 дүгээр тогтоолоор 15 аймгийг 18 болгож, 3 шинэ аймаг нэмэн байгуулсаны нэг нь одоогийн Баянхонгор аймаг ажээ.

Мөн аймаг байгуулах газар нутаг үзэх Засгийн газрын комисс 12 дугаар сарын 23-наас эхлэн олон газар нутаг үзэж байгаад 28-нд одоогийн Бөмбөгөр сумын төв “Худаг дэнж”-ийг сонгосон байна. Энэ комиссыг орон нутгаас олон ажилтнууд дагалдан явсаны дотор Цагдан сэргийлэхээс Балган, Самдан зэрэг төлөөлөгч оролцож, Аймгийн яам, цагдан сэргийлэх, шүүх, хоршоо, сургууль, эмнэлэг зэрэг 12 байгууллагын шавыг тавьж зураглан буулгаж, хараа сайн хүрэх төвийн өндөрлөг зүүн дэнжид Цагдан сэргийлэхэд нэг гэр барьж хэл залгуулан, хамгаалах эрхтэйгээр төлөөлөгч Самданг үлдээж нүүн суурьших өдрүүдэд хамгаалах, бүртгэх, хэл болох, аюулгүй ажиллагааг сануулах эрхтэйгээр хэмээн энэ ажлыг даалган үлдээснээр Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийг анх байгуулагдсан гэж аймгийн анхны даргын дурьдатгал болон аймгийн архивын  баримтуудад тэмдэглэгдсэн байна.

Тагнуулын ерөнхий газрын архивын тасагт: Баянхонгор аймагт Цагдан Сэргийлэх анги байгуулсан тушаал байхгүй байна. Харин С.Рэнцэнхорлоо, А.Думбурай, Т.Батсүх нарын “БНМАУ-ын Цагдан сэргийлэх байгууллагын түүх” /1921-1980 он/ номонд “...1942 онд шинэ байгуулагдсан Бөмбөгөр /одоогийн Баянхонгор/ аймагт Цагдан сэргийлэх анги байгуулж ангийн даргаар сержант Дамдинжавын Батсэнгээг томилсон” тухай дурьджээ.

Р.Гүнсэн, Б.Сэнгэдорж нарын “Цагдан сэргийлэхийн түүхэн өгүүлэл” номонд Баянхонгор аймгийн цагдан сэргийлэх ангийн талаар: “...Орон нутагт цагдан сэргийлэх анги өргөтгөн байгуулах ажлыг үргэлжлүүлэн зохиож, 1942 онд Сүхбаатар, Баянхонгор, Дундговь аймагт тус тус цагдан сэргийлэх анги байгуулжээ” хэмээн тэмдэглэсэн бол “Монгол Улсын цагдаагийн бага тайлбар толь”-д “...ДЯЯ-ны сайдын 1942 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн тушаалаар аймгийн Цагдан сэргийлэх анги байгуулагдаж, анхны даргаар Д.Батсэнгээ томилогджээ...” гэж дурьдсан байна.

  Архивт хадгалагдаж буй ДЯЯ-ны сайдын 1942 оны тушаалыг шүүж үзэхэд: 1942 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 дүгээр тушаалд: ...Бөмбөгөр /Баянхонгор/ аймагт Аюулаас хамгаалах хэлтсийн орон тоог дурьдан даргаар нь Дамдинжавын Батсэнгээг томилсон байна. Мөн 1942 оны 1 сарын 12-ны Дотоод Явдлын Яамны сайдаас гаргасан 15 дугаар тушаалаар Бөмбөгөр аймаг дахь Цагдан Сэргийлэх ангийн даргад гүйцэтгэх хэлтсийн ахлах төлөөлөгч бага лейтенант Загдын Самдан, жинхэнэ төлөөлөгчид Ховд аймгийн паспортын байцаагч Чойжилын Шагдар, паспортын байцаагч бөгөөд гадаадын харъяат нарыг бүртгэх байцаагчид Дамцагийн Зандар гэсэн орон тоотойгоор баталжээ .

 

  Бөмбөгөр /одоогийн Баянхонгор аймаг/ аймгийн төв  нь 1942-1943 онд одоогийн Баян-Овоо сумын нутаг Гучингийн  гол, Цагаан эрэг, Галуут сумын төвүүдэд шилжин суурьшиж байсан байна. 1961 онд одоогийн төвлөж байгаа Номгон хайрханы ар хормойд тунгалаг урсгалт Түйн голын зах дээр 1961 онд нүүдэллэн ирснээс хойш 40 гаруй жил болж байна.

 

  1961-1970 он хүртэл тус хэлтэс нь гэр контортой, эсгий, бэржентэн амбаараар мөрдөн, зооны байрыг хийж, ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд 1969 онд улсын хөрөнгө оруулалтаар 10 өрөө бүхий мөрдөнгийн байр шинээр барьж ашиглалтанд оруулжээ.

  Тус хэлтсийн 60 жилийн ойд зориулж хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Ганбатын санаачлагаар бэлтгэж, зохиолч М.Тогмидын “Хувь заяаны цадиг” номын 3 дугаар хуудсанд: 1970 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус хэлтсийн одоогийн 2 давхар албан конторын барилга, 1992-1993 онд хэлтсийн өргөтгөлийг Цагдан хорих байрны хамт бариулж ашиглалтанд оруулсан талаар дурьджээ. 

 ЦЕГ-ын Ахмадын холбооны тэргүүн, цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, ЭЦГ-ын Ахмадын хорооны дарга асан, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Чулуунбат нарын 2006 онд бэлтгэж хэвлүүлсэн “Монгол улсын цагдаагийн бага тайлбар толь”-ийн 95 дугаар хуудсанд:тус аймгийн Цагдаагийн хэлтсийн товч түүх, удирдсан дарга нарын нэрсийг ажилласан жилээр нь тодорхойлон оруулжээ.

ДЯЯ-ны сайдын 1942 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар аймгийн Цагдан сэргийлэх анги байгуулагдаж, анхны даргаар Б.Батсэнгээ томилогджээ.

Цаг үеийн байдалтай уялдан Цагдан сэргийлэх анги орон тоо, зохион байгуулалт, ажиллах нөхцлөөр сайжирч, 1990 онд Цагдаагийн хэлтэс болон өөрчлөн зохион байгуулагджээ.

Цагдаагийн хэлтэс нь Эрүүгийн, Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх, Хэв журмын, Замын цагдаагийн тасгуудтай болон зохион байгуулагдаж, ажиллах боловсон хүчин, орон байр, техник хэрэгслээр бэхжжээ.

Анги, хэлтсийн даргаар:

1.Б.Батсэнгээ                                       1941-1942 он

2.н.Даш                                                 1942-1943 он

3.н.Жагдорж                                         1943-1948 он

4.Ц.Намхай                                           1948-1950 он

5.Д.Готов                                               1950-1954 он

6.Д.Жамц                                               1954-1955 он

7.Ц.Дамаа                                              1955-1957 он

8.Ж.Дулмаа                                           1957-1961 он

9.Л.Жамъянгарав                                  1961-1964 он

10.Я.Ядмаа                                             1964-1966 он

  11.Д.Загдсамбар                                    1966-1973 он

  12.Р.Бямбажав                                       1973-1976 он

 13.Ч.Цогт-Очир                                       1976-1980 он

14.С.Саадэлэг                                        1980-1983 он

 15.Л.Бор                                                  1983-1988 он

16.П.Ихзаяа                                            1988-1991 он

   17.Ц.Даваадорж                                     1991-1993 он

  18.Х.Рэгсүрэн                                         1993-1998 он

   19.Г.Ганбат                                             1998-2005 он

 20.Я.Цагаанчулуун                                 2005-2007 он

   21.Д.Мөнхбаяр                                        2007-2012 он

22.Б.Оюутболд                                        2012 оноос

  23.Ц.Анхбаяр                                           2018 оноос

тус  тус ажиллаж байна.

1941-1942, 1942-1943, 1943-1948, 1955-1957 онуудад тус аймгийн Цагдан сэргийлэх ангийн даргаар ажиллаж байсан Д.Батсэнгээ, н.Даш, н.Жагдорж, Ц.Дамаа нарын талаар ТЕГ, ЦЕГ-ын Төв архиваас лавлагаа авсан боловч ямар нэгэн материал олдоогүй болно.

Тус цагдаагийн хэлтэс нь анх байгуулагдсан цагаас хойш төр засаг, ард түмний өмнө хүлээсэн үүргээ зохих түвшинд биелүүлж иржээ.

Энэ хугацаанд ЭХЭС, социалист өмчийг хамгаалах, сэргийлэн хамгаалах, /хэв журмын алба/ мөрдөн байцаах, гал, авто, иргэний гэр бүл, паспортын зэрэг төрөл чиглэлийн албадууд жил, жилээр нэмэгдэн зохион байгуулагджээ.

1976 онд галын алба нь гал команд болон өргөжиж, зохион байгуулагдсан ба гал команд нь гурван салаанаас бүрэлдэн тус цагдан сэргийлэх ангийн харъяанд ажиллаж байгаад 1992 онд бие даан тусдаа гарч аймгийн Хууль зүйн хэлтсийн харъяанд шилжсэн билээ.

1957 онд анх онц сэргийлэгч, гал сөнөөгчдийн зөвлөгөөн болоход цагдаа, офицер тус бүр 1 оролцож төлөөлөгч С.Жамбал, цагдаа Г.Лувсан нар “Монгол зөвлөлтийн онц сэргийлэгч” тэмдгээр, онц сэргийлэгч гал сөнөөгчдийн зөвлөгөөний болзлыг тухайн жилүүдэд 5-8 хүн тогтмол биелүүлснээр байцаагч Л.Дэмбэрэл “Монгол зөвлөлтийн онц сэргийлэгч” тэмдгээр, цагдаа Ц.Халтар, Х.Амаржаргал “Онц сэргийлэгч” тэмдгээр, хэсгийн төлөөлөгч, ахмад Ц.Пүрэв “Хүндэт чекист” тэмдгээр шагнагдаж байжээ.

Тус хэлтсээс төлөөлөгч Б.Баянжаргал, С.Чулуунбаатар, Х.Цэгмид, мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч П.Дэмчиг, цагдаа Ц.Лхагвадорж, Л.Ядамсүрэн нарын алба хаагчид ажил үүргээ онцгой сайн биелүүлж байсан учир “Онц сэргийлэгч” тэмдгээр, дэд хурандаа Х.Рэгсүрэн, төлөөлөгч Ж.Ихбаяр нар “Цагдаагийн алдар” тэмдгээр, төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Цэрэндоо “Онц хилчин” тэмдгээр тус тус шагнагдсан байна.

 

Тус аймгийн Цагдан сэргийлэх анги, хэлтэс, Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Намхай Ховд аймгийн, Ч.Цогт-Очир Хөвсгөл аймгийн, Д.Жамц Говь-Алтай аймгийн Цагдан сэргийлэх ангийн даргаар тус тус, Ж.Дулмаа Төв аймгийн НАХ хэлтсийн даргаар, хошууч Д.Загдсамбар ЦЕГ-ын Социалист өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар, Р.Бямбажав Дархан хотын Цагдан сэргийлэх хэлтсийн даргаар, хошууч С.Саадэлэг Улсын Мөрдөн байцаах газрын дэд даргаар, дэд хурандаа Ц.Даваадорж Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын даргаар, хошууч П.Ихзаяа Замын цагдаагийн газрын дэд даргаар, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбаяр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар дэвшин ажилласан нь аймгийн удирдлага, нутгийн зон олон, анги, хэлтсийн хамт олон, удирдлагаа дэмжиж, ажиллаж байсны бодит үр дүн гэж үзэж байна.

 Баянхонгор аймаг, ОХУ-ын Якут улстай ах дүүгийн уламжлалт харилцаатай байсан бөгөөд 1988 онд Якутын Дотоод явдлын яамны сайд, хурандаа Балдуев.В.В тус аймагт айлчлах үеэр хэлтсийн дарга, цагдаагийн ахмад П.Ихзаяа ДЯЯ-тай хамтын ажиллагааны гэрээг анхлан байгуулж, гэрээнд заасны дагуу 1988-1991 онуудад Якутын Цагдан сэргийлэхийн 13 ажилтныг Баянхонгор аймагт урьж, өөрийн 13 ажилтан, 8 ажилтны хүүхдийг Якутад байгууллагын зардлаар айлчлуулж, туршлага судлуулан байгалийн сайхан, хүүхдийн амралтанд амрааж байсан түүхтэй.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна