/ Олон нийтийн цагдаа / Дүрэм тавигдах шаардлага / ДҮРЭМ

ДҮРЭМ

                                     ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ ДҮРЭМ

            Нэг.Нийтлэг үндэслэл

            1.1.Энэхүү дүрмээр олон нийтийн цагдаагийн ажилтны эрх зүйн байдал, үндсэн зарчим, шаардлагыг тодорхойлж, олон нийтийн цагдаагийн ажилтны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна.

            1.2.Олон нийтийн цагдаагийн ажилтан нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр ажиллаж буй иргэн байна.

            1.3.Олон нийтийн цагдаагийн ажилтан цагдаагийн байгууллагын хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, энэ дүрмийг дагаж мөрдөнө.

            1.4.Олон нийтийн цагдаагийн ажилтнаар гэрээнд зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

            1.5.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь хууль, эрх зүйн болон харилцааны ур чадвар эзэмшүүлэх, холбоо, хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх чиглэлийн сургалтыг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно.

            Хоёр.Олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааны үндсэн чиглэл

            2.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хариуцсан нутаг дэвсгэрийнхээ эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн ам, сургууль, цэцэрлэгийн байршил, тээврийн хэрэгслийн нягтрал, бусад онцлог, тухайн үед шийдвэрлэвэл зохих зорилтуудыг харгалзан Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоо, ажиллуулах чиглэлийг тогтооно.

            2.2.Олон нийтийн цагдаагийн ажилтныг дор дурьдсан үндсэн чиглэлээр ажиллуулна: 

            2.2.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийх, хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах;

2.2.2.нийтийн хэв журам сахиулах ажилд туслах;

2.2.3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10.2.2-т заасны дагуу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих, биелэлтэд хяналт тавих;

2.2.4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10.2.3-т заасны дагуу архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийн  үйлдлийг нь таслан зогсоох, цагдаагийн алба хаагч иртэл саатуулах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг эмнэлгийн байгууллага, яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгөх арга хэмжээ авах;

2.2.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон нийтэд таниулах, сэрэмжлүүлэх;

2.2.6.замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоосон зөрчил гаргагчид торгууль ногдуулах;

2.2.7.хуулиар харьяалуулсан захиргааны зөрчилд торгууль ногдуулах;

2.2.8.гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад мэдээлэх.

            2.3.Олон нийтийн цагдаагийн ажилтан нь цагдаагийн байгууллагын хууль сахиулах чиг үүрэгт туслахдаа Цагдаагийн албаны тухай хуулийн 24.6, 24.7, 24.11.1-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана.

            2.4.Олон нийтийн цагдаагийн ажилтанд Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-т заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбооны болох хамгаалах тусгай хэрэгслийг тавьж олгоно.

            2.5.Олон нийтийн цагдаагийн ажилтан нь энэ дүрмийн 2.4-т заасан таних тэмдэг, тусгай хувцас, нэг бүрийн тусгай хэрэгслийг зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэнэ.

            2.6.Олон нийтийн цагдаагийн ажилтанд албаны үнэмлэхийг Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан загвар, журмын дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 25-ны дотор тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олгоно.

            Гурав.Олон нийтийн цагдаагийн ажилтанд тавигдах болзол, шаардлага, судлах, томилох, тоог тогтоох

            3.1.Олон нийтийн цагдаагийн ажилтны ажлын байранд дор дурьдсан шаардлагыг хангасан, 20 нас хүрсэн Монгол Улсыг иргэнийг хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, томилно:

          3.1.1.ажиллаж, суралцаж байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдийн дунд нэр хүндтэй байх;

         3.1.2.сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны тогтвортой, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь нас, сэтгэцийн стандарт хэм хэмжээнд тохирч байх, оюун ухааны хөгжлийн дунд ба түүнээс дээш үзүүлэлттэй байх;

             3.1.3.бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;

        3.1.4.ёс зүйн хувьд шударга, зарчимч, ёс суртахууны доголдолгүй, зан төлөвийн муу зуршилгүй, харилцааны соёлтой, нууцыг хадгалах чадвартай, бусдаас шан харамжаас эрс татгалзах чадвартай байх;

              3.1.5.бичиг хэргийн зохих түвшний мэдлэгтэй байх;

           3.1.6.энэ дүрмийн 2.2.1, 2.2.2, 2.2.4-т заасан үндсэн чиглэлээр ажиллах иргэн нь 20-45 хүртэл насных байх.

            3.2.Иргэн нь олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлтээ оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан гаргаснаар энэ зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу судалгааг хийж, холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

            3.3.Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах боломжтой гэж үзсэн тохиолдолд сум, дүүргийн Засаг даргын саналыг авч, томилох шийдвэр гаргаж, гэрээ байгуулна.

            3.4.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэний зөвлөлтэй хамтран жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор дараа онд ажиллуулах олон нийтийн цагдаагийн ажилтны орон тооны талаар Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь заасан жишиг нормативыг баримтлан, энэ дүрмийн 2.1-т заасныг харгалзан саналаа боловсруулж, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, батлуулна.

            Дөрөв.Олон нийтийн цагдаагийн ажилтны ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх журам

            4.1.Цагдаагийн байгууллага олон нийтийн цагдаагийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

            4.2.Энэ зүйлийн 4.1-т заасан ажил хариуцсан цагдаагийн байгууллага нь олон нийтийн цагдаагийн ажилтны гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэсэн үнэлгээ, хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сар бүр санал ирүүлсэн Засаг даргад хүргүүлж, баталгаажуулна.

            4.3.Олон нийтийн цагдаагийн ажилтны ажиллаж буй чиглэл тус бүрийн онцлогт нийцүүлэн гэрээний загвар, түүнд тусгах ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх аргачлал, зааврыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар боловсруулж, мөрдүүлнэ.

            Тав.Олон нийтийн ажилтанд олгох урамшуулал

            5.1.Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллыг гэрээгээр хүлээсэн ажил, үүргийн биелэлтийг үндэслэн гэрээний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.

            5.2.Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээ эрэгтэй, эмэгтэй ажилтанд  адил байна.

            5.3.Олон нийтийн цагдаагийн ажилтны дундаж урамшууллын хэмжээ нь хувийн хэвшил /гэрээт харуул хамгаалалтын алба хаагч, хувийн хамгаалагч гэх зэрэг/-д хийснээр, цагаар  ажилласны төлөө авч буй ажилтны урамшууллын дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд урамшууллын хэмжээ, сүлжээ, жишгийг нэмэгдүүлэх тухай саналыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага Иргэний зөвлөлтэй хамтран боловсруулж, Засаг даргад танилцуулж зохих журмын дагуу шийдвэрлүүлж болно.

            5.4.Олон нийтийн цагдаагийн ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар нийтээр амрах баярын өдөражилласан бол 2 дахин, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр урамшууллыг тооцож олгож болно.

            5.5.Энэ зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу урамшууллыг нэмэгдүүлэн олгохдоо тухайн олон нийтийн цагдаагийн ажилтны ажилласан цагаар тооцно.

             Зургаа.Бусад

            6.1.Олон нийтийн цагдаагийн ажилтан гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалсан нь эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөхгүй.

            6.2.Энэ дүрмийн хэрэгжилтэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана.

            6.3.Олон нийтийн цагдаагийн ажилтан энэ дүрмийн 6.1-т заасан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд түүнд олгосон дүрэмт хувцасны үнийг нөхөн төлүүлнэ.

            6.4.Олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааны талаарх гомдлыг цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шалгаж шийдвэрлэнэ. Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны цагдаагийн байгууллагад гомдлыг гаргаж шийдвэрлүүлж болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна