/ / Цагдаагийн ахлах дэслэгч Д.Батболд: Нийтийн байранд оршин суудаг иргэдийг бүртгэлжүүлж, хянах боломжтой аппликейшн хийж байна

Цагдаагийн ахлах дэслэгч Д.Батболд: Нийтийн байранд оршин суудаг иргэдийг бүртгэлжүүлж, хянах боломжтой аппликейшн хийж байна

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 7-р хорооны хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч, Д.Батболдтой ярилцлаа. 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Сайн сайн байна уу, уншигчиддаа ч мөн энэ өдрийн мэнд хүргэе.

-Гэмт хэргийг бууруулах чиглэлээр танай хороо онцгойлсон ямар ажил хийж байна вэ?

-Гэмт хэргийг бууруулах гэдэг нь дан ганц цагдаагийн байгууллагын хийх ажил биш л дээ. Иргэн, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллага буюу нийгмийн оролцогч бүр нэгдэн нэг хүсэл зорилготой байж бүх төрлийн гэмт хэрэг, зөрчил буурна.

Нэгэн жишээ дурдвал 2017 онд би өөрийн хариуцсан хороон дээрээ “Камержуулалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хорооны Иргэдийн нийтийн хурал болон Засаг дарга нартайгаа хамтран гудамжинд иргэдтэй уулзалт зохион байгуулж, камержуулалтын ажлыг эхлүүлсэн.

Тухайн гудамжинд амьдарч байгаа өрх бүр тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалыг сайн дураараа нийлүүлж, камерийн хяналтын систем тавиулах санаачлагыг маань нааштай хүлээн авч, дөрвөн камертай болж байсан. Камер ажиллаад ирэхээр тухайн орчны гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ бараг байхгүй болсон. Эндээс иргэдийн идэвхи санаачлага хамгийн чухал гэдэг нь харагдаж байгаа юм. Камер тавиад гэмт хэрэг зөрчилгүй, цэвэрхэн болоод ирэхээр иргэд хашаа хороогоо цэгцлэн янзалж, гудамж талбайдаа сэтгэл зүтгэл гаргаж хөдөлмөрлөж эхэлсэн. Тухайн жил дөрвөн гудамжинд камер байрлуулсан бөгөөд, 2018 онд гурван гудамжийг камержуулсан. Энэ ажлыг иргэдтэйгээ хамтраад үргэлжлүүлэн хийх хүсэл их байдаг ч зарим өрхүүд дэмждэггүй, зарим нь би мөнгөө өгсөн учраас манай хашааруу сайн харах ёстой гэсэн аминчхан үзлээс болоод зарим гудамжинд суурилуулж чадаагүй. Гудамжинд оршин суугч нэг иргэнийг үүрэгжүүлэн камерийн хянагчаар сонгож ажлуулж байна. Тухайн иргэн маань зөвхөн хэсгийн байцаагчийн бичигтэй, зөвшөөрөлтэй иргэнд л камер шүүж өгдөг болсоноор сөрөг зүйлс харьцангуй багассан.

-Танай хороонд өдөрт хичнээн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байна вэ? Үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийг төрлөөр нь нэрлэвэл?

-Би Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны хэсгийн байцаагч. 2016 оны 7-р сараас хойш тус дүүрэгт ажиллаж байна. Тус хороо нь Чингэлтэй дүүргийн баруун хойд хэсэгт байрлаж Сонгинохайрхан, Баянгол дүүрэгтэй хиллэдэг. Арван таван мянга гаруй хүн амтай гэр хорооллын суурьшлын хэсэг ихтэй.

Манай хороонд орон байрны хулгай, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд түлхүү үйлдэгдэж, бүртгэгддэг. Иргэдээс ирж байгаа мэдээллийн тодорхой хувийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл эзэлдэг.

-Гэр бүлийн хүчирхийлэл нь суурьшлын хэлбэр хамаарахгүй хаа сайгүй л үйлдэгдэж, бүртгэгдэж байх юм. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд иргэд, цагдаагийн байгууллага, хорооны хамтарсан багууд юу хийх ёстой юм болоо?

-Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх, энэ төрлийн гэмт хэрэгт цагдаагийн байгууллага ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа. Хаалганы цаана үйлдэгдэж байгаа энэ төрлийн зөрчил, гэмт хэргийг таслан зогсоож, бууруулах гэдэг нь цагдаагийн байгууллага, бусад эрх бүхий байгууллагуудын нэн тэргүүний асуудал болоод байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хамгаалахад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цагдаагийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байдаг.

Үүнээс илүүтэйгээр хаана ямар орчинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байна гэдгийг судлан, иргэдтэй тулж ажиллах шаардлагатай байна.

Ялангуяа хорооны цагдаа эмзэг цэгийн айл өрхүүдээр орж, амьдрал ахуйтай нь танилцаж, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирүүлсэн иргэдийн дуудлага, гомдлыг цаг алдалгүй шалгаснаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулахад чухал үүрэгтэй.

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа голлох шалтгаан нь юу байна вэ?

-Ер нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаа, архидан согтуурахтай холбоотой байна. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл нь хулгайн гэмт хэрэг шиг нийгэмд ил биш гэр бүлийн хүрээлэл, орчинд үйлдэгддэг тул хөршүүд бие биедээ анхаарал тавьж, эрх нь зөрчигдсөн хохирогч байвал дуудлага мэдээлэл өгч хамтран ажиллах нэн шаардлагатай.

-Хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэ жил ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ жил манай хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс нийтийн байранд оршин суудаг иргэдийг бүртгэлжүүлж хянах аппликейшныг энэ жилийн хоёрдугаар хагаст хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Манай хороонд нийт 24 нийтийн байр байдаг бөгөөд үүнээс өдөр тутамдаа 17 нь үйл ажиллагаа явуулдаг. Ер нь нийтийн байранд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргүүд ихээр үйлдэгддэг. Мөн ихэвчлэн тодорхой оршин суух хаяггүй, бүртгэлгүй иргэд ихээр суурьшдаг. Тухайн аппликэйшнд нийтийн байранд түрээсээр сууж байгаа иргэдийн регистрийн дугаар, овог нэр гэх мэт хувийн мэдээллийг нь оруулж бүртгэлжүүлэх юм. Тухайн бүртгэгдсэн мэдээлэл хорооны хэсгийн байцагчид хүрдэг байхаар зохион байгуулж байна. Гэмт хэрэгтнүүд, хулгайчид цагдаагаас зугтаах зорилгоор нийтийн түрээсийн байраар ихээхэн байршдаг тул тус аппликейшныг ашиглалтад оруулснаар гэмт хэрэгтнүүдийг цаг алдалгүй барих боломж бүрдэнэ.

-2019 онд цагдаагийн байгууллагаас нийтийн байранд шалгалт хийж 169 гэмт хэрэг, зөрчил үйлдээд олдохгүй байсан иргэдийн илрүүлж барьж байсан. Танай аппликэйшн нь ажилд орчихвол нийтийн байр ч илүү аюулгүй болох байх аа.

-2015 онд Чингэлтэй дүүргийн засаг дарга, иргэдийн хурлаас Нийтийн байрны стандартыг баталсан бөгөөд цагдаагийн байгууллага нийтийн байрны эзэдтэй энэхүү стандартыг хангуулах болон орчны тохижилтыг нэмэгдүүлэх, нийтийн байрны коридорыг камержуулахад чиглэсэн зөвлөмж, хяналт, шалгалтын ажил их хийсэн.

Тэгэхдээ бид цаашид биеийн хүчээр хянахаас илүү техник технологийн дэвшлийг ашиглан илүү үр дүнтэй ажиллах болж байгаадаа баяртай байгаа.

-Цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Ажил хөдөлмөрийн гараагаа 2007 онд Цагдаагийн академийн Цагдаагийн курс төгсөөд БЗД дэх цагдаагийн хэлтэст 11-р хороо хариуцсан хороон цагдаагаар томилогдож, эхлүүлж байсан. Түүнээс хойш Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсүүдэд нийт 13 жил ажиллаж байна. Хэсгийн байцаагч хүн өдөр бүр иргэдтэйгээ л маш ойрхон ажилладаг бөгөөд бүх талын мэдээлэл, мэдлэгтэй байхыг шаарддаг. Иргэдэд учирч байгаа асуудлыг ойлгодог, мэдэрдэг, хамгийн гол нь үнэн зөв мэдээллийг өгөх мэдлэгтэй байж, хуулийн зүйл заалтыг ухуулан ойлгуулж, зөв чиглүүлж өгч ажилладаг. Цагдаагийн алба хаагч нь өдөр тутамдаа хүнд тусалж, хүнийг хамгаалж байдаг бахархалт алба.

-Өнгөрсөн 13 жилийн хугацаанд цагдаагийн албаар бахархаж байсан мөчүүд цөөнгүй байсан биз ээ. Бидэнд сайхан дурсамжаасаа хуваалцвал?

-Ер нь цагдаагийн албаараа бахархдаг үйл явдал өдөр бүр л тохиолддог. Би ард иргэддээ хамгийн түрүүнд хүрч үйлчилж байна. Иргэнд учирсан асуудлыг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх явц бүр ажлын минь бахархал юм. Олон үйл явдал тохиолдож байснаас одоог хүртэл сэтгэлээс гардаггүй нэгэн үйл явдлаа хуваалцъя. БЗД-ын цагдаагийн хэлтэст ажил ороод удаагүй, жил гаран болж байх үедээ сэтгэцийн өвчтэй хүн галт зэвсэгтэйгээр гэмт хэрэг үйлдэх гэж байсныг таслан зогсоож байсан. Энэ нь хүний амь настай холбоотой байсан бөгөөд хүний амь нас үрэгдэхээс сэргийлж чадсан, мөн гэмт хэрэгтэн болох гэж байсан иргэний үйлдлийг таслан зогсоож урьдчилан сэргийлж чадсан нэг тохиолдол байдаг юм.

Ер нь цагдаагийн алба хаагчид бүгд л чимээгүй гавьяатнууд байдаг. Ийм ч учраас өдөр бүр албаараа бахархаж, ажилдаа сэтгэлээсээ хандаж ажилладаг.

-Ярилцсанд баярлалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна