/ / М.Баянзул: Мотоцикл унаж яваад осолдсон хэрэг буурахгүй байна

М.Баянзул: Мотоцикл унаж яваад осолдсон хэрэг буурахгүй байна

М.Баянзул: Мотоцикл унаж яваад осолдсон хэрэг буурахгүй байна

Эх сурвалж: www.unuudur.mn

Орон нутагт зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амиараа хохирч буй тохиолдолд буурахгүй байна. Түүний тодорхой хэсгийг БНХАУ-д үйлдвэрлэсэн, үнэ хямдтай мотоцикл унаж яваад осолдсоноос үүдсэн хэрэг эзэлж буй юм. Уг нь ТЦА, орон нутгийн холбогдох байгууллагууд энэ төрлийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохион байгуулдаг ч үр дүнд хүрэхгүй байгаа аж. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад М.Баянзулаас энэ талаар тодрууллаа.

-Орон нутагт мотоцикл унаж яваад амь, эрүүл мэндээрээ хохирсон ослын тоо буурахгүй байгаа. Баянхонгор аймагт нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай аймгийн хэмжээнд 2019 онд 17 иргэн, 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар зургаан хүн мотоциклтойгоо онхолдож амиа алдсан хэрэг бүртгэгдсэн.

Өнгөрсөн онд эдгээр ослын улмаас нас барсан 17 хүний 14 буюу 82.3 хувь, энэ он гарсаар нас барсан зургаан иргэний дөрөв буюу 66.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд өртсөн байна. Энэ ослууд цагдаагийн байгууллагын хяналтгүй, малчны хотонд гарч буй юм. Төв, суурин газарт дээрх онуудад мотоцикл жолоодож яваад осолдсон хэрэг гараагүй.

Ерөнхийдөө Баянхонгор аймгийн хэмжээнд мотоцикл жолоодоод амь, эрүүл мэндээрээ хохирсон зам тээврийн осол буурахгүй, өсөх хандлагатай байгаа.

-Энэ төрлийн ослыг бууруулах чиглэлээр ямар ажил зохион байгуулж буй бол?

-Аймгийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар Архидан согтуурахтай тэмцэх жилийн аян зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд “Ухаалаг жолооч-Урт нас” нөлөөллийн арга хэмжээг гуравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл зохион байгуулж эхэлсэн. Мөн Замын цагдаагийн тасгаас “Мотоцикл” хэсэгчилсэн арга хэмжээг 19 суманд зохион байгуулах удирдамж төлөвлөгөө хүргүүлэн, хэрэгжилтийг нь тооцож байгаа. Сүүлийн үед иргэд мотоциклыг ахуйн хэрэглээндээ өргөн ашиглаж, жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлж, согтуугаар болон бүрэн бус техник хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох боллоо. Мөн улирал харгалзахгүйгээр, шороон зам, малын бэлчээртээ унаж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байгаа юм. Иймд манай Цагдаагийн газраас орон нутгийн удирдлагатай хамтран дээрх ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр осол ихээр гарч байгаа найман сумын малчдад Ил захидал хүргүүлсэн. Уг захидалд мотоциклтой холбоотой зам тээврийн ослын талаар мэдээлэл болон анхаарах асуудал, сэрэмжлүүлэг, хүлээх хариуцлага, хор уршгийн талаар мэдээллийг багтаасан.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр 2019 онд “Иргэн тантай хамт” өдөрлөг зохион байгуулж, бүх сумын иргэдийг хамруулсан юм. Энэ оны эхний улиралд дэлхий дахинд тархаад буй коронвирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шүү дээ. Тиймээс иргэдэд сургалт сурталчилгаа, мэдээлэл хүргэх боломжгүй болсон тул дээрх байдлаар захидал хүргүүлж буй юм.

-Мотоцикл унаж яваа иргэд юунд анхаарах нь зохилтой санагдав?

-Амиа алдсан иргэдийн олонх нь осолдох үедээ хамгаалах малгай хэрэглээгүй, согтууруулах ундаа уучихаад мотоциклоо жолоодсон байдаг. Тиймээс иргэд мотоцикл жолоодохдоо нэн тэргүүнд хамгаалах малгай өмсөж хэвших шаардлагатай. Мотоцклын жолооч нар хамгаалах малгайг суурин газарт ирэхдээ зөвхөн цагдаад харагдах гэж л өмсдөг. Хамгаалах малгай цагдааг хуурах хэрэгсэл биш, таны амь, эрүүл мэндийг хамгаалж байгаа гэдгийг ухамсарлах хэрэгтэй болжээ.

Мөн согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын аюулгүй байдал, амь, эрүүл мэндийг хамгаалж, зориулалтын зам, зөвшөөрсөн улиралд, техникийн бүрэн бүтэн байдлаа ханган, хамгаалах хэрэгсэл өмсөж хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулъя.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна